мэдээ мэдээлэл

Г.Чулуунбаатар: Цэгцтэй бодлогыг орон нутгийн нөхцөлд тохируулж хэрэгжүүлнэ

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжлэв. Энэ үеэр орон нутгийн Татварын хэлтсийн дарга нар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнахаас гадна 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Хамгийн түрүүнд Архангай аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Чулуунбаатар ажил байдлаа танилцууллаа. Тус аймгийн Татварын хэлтсийн хамт олон ажлын амжилтаараа тэргүүлсэн гэдгээрээ тэр бахархаж байв.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд ажилтан, албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангах зорилгоор есөн албан хаагчийн гэр бүлийн хэрэгцээний газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Эрдэнэбулган сумын Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүсэлт хүргүүлж, аймгийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгууллаа. 2018 онд ашиглалтад орох орон сууцанд 2-3 хүн хамруулах нөхцлийг бүрдүүллээ.Ажлын цаг ашиглалтад тогтмол хяналт тавьж, албан хаагчдад дотоод журамд заасны дагуу “Чөлөө олгох хуудас”-аар чөлөө олгож хэвшсэн. Татварын албаны үйлчилгээний ил тод, нээлттэй, түргэн шуурхай байдал, байцаагчдын харилцааны соёл, нийгэм дэх нэр хүнд, үнэлэмжийг тодорхойлох зорилгоор 1375 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас татварын албаны үйл ажиллагааны талаар санал авч, дээд байгууллагад хүргүүллээ. Мөн “Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г цаасаар болон цахимаар хүлээн авсан. Албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлж Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн 26 татварын улсын /ахлах/ байцаагч, татвар хураагч нарт сахилгын шийтгэл ногдууллаа” хэмээн мэдээллээ.

Архангай аймгийн Татварын хэлтсийн даргын хэмжээнд зохион байгуулсан гол ажлын нэг нь ТЕХ болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахад гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, дээд шатны газар, хэлтсүүдтэй хамтын ажиллагаагаа уялдуулах, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг хангах, “Татварын бүртгэлийг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах” жилийн хүрээнд зохион байгуулах ажлын талаар ажлын чиглэл, заавар, зөвлөгөө авах зорилгоор хуулийн зөвлөх болон тасгийн дарга нараа ТЕГ-т нэг өдөр ажиллуулжээ. Энэ үеэр тасаг бүр өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, ажлын мэдээ, судалгаа, тайланг байршуулсан хавтас нээж, удирдлагыг мэдээллээр ханган ажилласан байна. Түүнчлэн Татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, татварын албаны үйл ажиллагааны талаар мэдээлэх самбарыг тасаг бүр шинэчлэн хийж, холбогдох мэдээ мэдээллийг тогтмол байршуулснаар мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангаж чаджээ.

Тус аймгийн Татварын хэлтэс 2017 онд улсын төсвийн  татварын орлогын төлөвлөгөөг 149.1, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг 116.2 хувиар тус тус биелүүлжээ. Цаашдаа ТЕГ-аас дэвшүүлж буй зорилтын хүрээнд ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлэх, гэр бүлийн хэрэгцээний газар олгох, байр орон сууцаар хангах,хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх, сумдын байцаагч нарын ажиллах нөхцлийг одоо байгаагаас дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа ажээ. Мөн татвар төлөгчийн тоог нэмэгдүүлж, татварт бүрэн хамруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг, сургалтад бүрэн хамруулах цэгцтэй бодлогыг орон нутгийн нөхцөлд тохируулж хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэдгээ аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Чулуунбаатар хэллээ.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл