мэдээ мэдээлэл

Т.Фестиваль: Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгаж ажилладаг

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжлэв. Энэ үеэр орон нутгийн Татварын хэлтсийн дарга нар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнахаас гадна 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Татварын албаны ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлтсийн нийт албан хаагчдад үүрэг өгч дотооддоо зургаан цагийн сургалт зохион байгуулж ажилласан. Мөн сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгаж хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлтсийн Ёс зүйн салбар хорооны хуралдаанаар нэг албан хаагчтай холбоотой асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргуулж ТЕГ-т хүргүүлж ажилласан.

Түүнчлэн татварын ажилтны мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ТЕГ-ын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчдын сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу албан хаагчдыг сургалтад хамруулж, мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар  анхаарч, аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсээс зохион байгуулсан “Хуулиа дээдэлье” сарын аяны хүрээнд Татварын хэлтсийн албан хаагчид болон татвар төлөгчдийн дунд сургалт зохион байгууллаа. Үүнээс гадна хэлтсийн байцаагч, ажилтнуудын хүний нөөцийн чадавхи болон хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, нийт ажиллагсдыг ТЕГ-аас зохион байгуулсан онлайн болон танхимын сургалтад тухай бүр хамруулах ажлыг зохион байгуулсан” хэмээн танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төв болон Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаарын утсанд гаргасан гомдол болох “Ахбаян”, “Дөл” супермаркетүүд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй, төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон” гэдгийг ч аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль дуулгасан юм. Татварын хэлтсийн даргын мэдээлснээр 2017 оны гуравдугаар сард бүх байцаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, 2016 онд хийсэн ажлыг дүгнэж ололт амжилт, алдаа дутагдлуудаа тодорхойлж, 2017 онд хийж гүйцэтгэх ажлуудын талаар нэг мөр ойлголтод хүрч, хэрэгжилтийг хангуулахаар аймгийн төвийн болон сумдын байцаагч нарт үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Мөн шинээр батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын хууль тогтоомжуудад орсон өөрчлөлтүүдийн талаар хэлтсийн даргаас томилсон ажлын хэсэг нь Сагсай, Улаанхус, Цэнгэл, Толбо, Дэлүүн, Булган сумдаар явж хууль сурталчлах ажлыг зохион байгуулсны зэрэгцээ өнгөрсөн оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр аймгийн төвийн болон сумдын татвар төлөгчдийн төлөөллүүдийн дунд татварын хууль тогтоомжуудын хэрэгжилт, тус албанаас хийж гүйцэтгэх ажлын талаар зөвлөгөөн зохион байгуулсан байна. Тус хамт олон иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх тал дээр нэлээд анхаарч НӨАТ-ын төхөөрөмжийг байгууллага, дэлгүүр, худалдааны газруудад байршуулж татварын бүрэн төлөлтийг хангуулах, хөдөө, орон нутгийн татварын байцаагчид зайлшгүй аймгийн төвд өөрийн биеэр ирж тайлан мэдээгээ өгч байдаг нь хугацаа, хожимдох, цаг алдах учир цаашид хөдөө орон нутгийг интернет сүлжээнд холбож цаг, тухай бүрт нь мэдээ, тайлангаа авч байх боломжийг бүрдүүлжээ. Цаашид төв, орон нутгийн  компаниуд,татвар төлөгч иргэд, үйлчилгээний төвүүдийн татвар төлөлтийг тухай бүрт нь орчин үеийн мэдээлэл, холбоо харилцаа, моби мэдээг ашиглан мессежээр хүргэж байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.

Дашрамд дурьдахад, Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийнхэн ч харилцааны соёлтой, хэл ярианы өндөр чадвартай, орчин үеийн техник технологи дээр ажилладаг, ажил хэрэгч, хариуцлагатай, шударга байх шаардлагыг эдүгээ ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчиддаа тавьж байгаа ажээ.

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл