мэдээ мэдээлэл

М.Туяацэцэг: Ёс зүйн талоныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна

Татварын Ерөнхий газрын дарга Д.Занданбат өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан билээ. Тэрбээр хамгийн түрүүнд Дундговь аймгийн Татварын хэлтсээр орж, ажил байдалтай нь танилцахын зэрэгцээ сумдын татварын байцаагч нартайгаа уулзаж, санаа бодлыг нь сонссон юм. Энэ үеэр Дундговь аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэгтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө манай уншигчдад Татварын хэлтсийнхээ үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

-Манай Татварын хэлтэс анх аймгийн ЗДТГ-ын байрны 2-3 өрөөнд таван орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байсан. Харин одоо өөрийн байртай, боловсон хүчин, хөрөнгө санхүү, техник тоног төхөөрөмжийн хувьд бэхжиж, 2018 онд 5 тасагтай, сумдын татварын улсын байцаагч нараа оруулаад 33 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, татвар төлөгч иргэдэд үйлчилж байна. Манай хэлттсийн хувьд улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж ирсэн бөгөөд Монголын Татварын албаны хэмжээнд нэгудаа тэргүүн байр, “Аймгийн тэргүүний хамт олон”-оор хоёр удаа шалгарч байсан. Бид Татварын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж татвар төлөгчдөд татварын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүнд суртал, хээл хахууль, авлигаас  ангид, ил тод нээлттэй шударгаар төрийн үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаж “Нэг цэгийн үйлчилгээ”, сургалт сурталчилгааны танхим болон “Цахим татвар”-ын орчинг бий болгон татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэхэд голлон анхаарч, татвар төлөгчдөөр татварын байцаагчдын үйл ажиллагаа, зан харилцааг үнэлүүлэх тогтолцоог бий болгон хамтран ажиллаж байна.

-Өнгөрсөн онд ямар амжилттай ажиллав. Татвар төлөгчдийн хувьд үүргээ хэр ухамсарлаж байна вэ. Тэдэнд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Өнгөрсөн онд таван зорилтын хүрээнд нийт 59 арга хэмжээг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ТЕГ-ын дарга болон аймгийн Засаг дарга нараар батлуулж ажилласан. Ер нь сургалтын жил байлаа. Ажилтан, албан хаагчид болон татвар төлөгчдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх сайжруулахад чиглэгдсэн сургалтуудыг маш олон удаа зохион байгуулахын зэрэгцээ бас хамруулсан. Үүнээс гадна байгууллага, хамт олон эв зүйтэй байх, бие биеэ ойлгож хүндлэх, албан хаагчид болоод татвар төлөгчдийн харьцаа хандлагыг сайжруулах зорилготойгоор урлаг, спортын томоохон арга хэмжээнүүдийг бүсчлэн зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. Энэ бүхэн маань татвар төлөгчид болон албан хаагчдын маань идэвх санаачилгыг өрнүүлсэн амжилт байлаа.

-Татварын улсын байцаагч нар маань төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд түргэн шуурхай үзүүлэх ёстой хүмүүс. Тэгэхээр энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Бид сумд хариуцсан татварын улсын байцаагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулж, жилийн эцэст дүгнэж ажилладаг. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хууль зүйн хэлтэстэй хамтран хэлтсийн нийт албан хаагчдынхаа дунд Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн талаар сургалт зохион байгууллаа. Түүнчлэн нийт албан хаагчид ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд байгууллагын ЭБАТ-нд хүлээлгэн өгч Авлигатай тэмцэх газрын программд бүрэн шивж оруулсан. 2017 оны арваннэгдүгээр сард АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллах үеэр төлөвлөгөөний дагуу Хэлтсийн үйл ажиллагаа, ил тод байдал, ХАСХОМ, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, ЭБАТ-ны үйл ажиллагаанд шалгалт хийгдэж холбогдох заавар зөвлөмж авч, мөрдлөг болгон ажиллаж байна. Энэ үеэр ЭБАТ-уудад сургалт зохион байгуулагдсан. Үүнээс гадна байгууллагын Ёс зүйн хорооны  2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган батлуулж, албан хаагчдын ёс зүй, сахилга дэг журмыг хангуулахад анхаарч ажиллахын зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан.Энэ хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг шинэчилж, тусгай шалгуур үзүүлэлтүүдэд Мэргэшсэн нягтлан бодогч байх, Монгол хэл, бичгийн болон англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх мөн сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тусгаж биелэлтийг хангуулан ажиллаж байна.

-Татварын улсын байцаагч нарт зориулсан сургалт нэлээд байдаг юм байна. Мөн сумдын байцаагч нарын зөвлөгөөн болж байна шүү дээ?

-Тийм шүү. Бид хэлтсийн үйл ажиллагаа, албан хаагчдынхаа харилцаа, мэдлэг, ёс зүйн талаар “Баянцагаан”, “Иргэний Нийгмийн Сүлжээ” зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн гурван хүнтэй нөлөөллийн багийг ажиллуулж, судалгаа хийлгэсэн. Судалгааны асуулгыг боловсруулж, сөрөг үр дүн гарсан асуудлууд дээр бүх тасгуудад үүрэг даалгавар өгч, хяналт тавин ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан “Төрийн алба ба төрийн үйлчилгээ, чанар” сэдэвт сургалт, мөн аймгийн Хууль зүйн хэлтэс, Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан Захиргааны хариуцлагын тухай болон Зөрчлийн тухай хуулийн сургалтуудад албан хаагчдыг бүрэн хамруулсан гээд тоочоод байвал барагдахгүй. Бид албан хаагчид төдийгүй татвар төлөгчдөө ч сургалтад хамруулдаг.

-Ер нь орон нутгийн хэмжээнд Татварын албанаас хийж, хэрэгжүүлж буй ажлыг ямар байдлаар сурталчилж, олон нийтэд хүргэдэг вэ?

-Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Татварын албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн өөрчлөлт, үйлчилгээний талаархи мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Татварын хэлтсийнхээ фэйсбүүк, төрийн албаны цахим хуудсаар түгээж байна. Тухайлбал, “Дундговь аймгийн Татварын хэлтэс” фэйсбүүк, www.dundgovi.gov.mn сайтад цаг үеийн мэдээллийг улирал бүр байршуулан ажилладаг. Мөн олон нийтэд түгээх мэдээллийг бэлтгэн, “Дундговийн амьдрал” сонинд нийтлүүлж, “Ард”, “Цоглог” телевизээр нэвтрүүллээ. Хэлтсийн үйл ажиллагааны талаар ОБХ-ийн дэргэдэх “АС” цогцолборыг ашиглан, малчид, төрийн захиргааны албан хаагчид, иргэдэд мэдээлэл түгээлээ. И-баримттай холбоотой 28 өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлэн амаар болон албан бичгээр хариу өгсөн байгаа.

-Татварын алба хүний нөөцөө хэрхэн бүрдүүлж байна вэ. Бусад байгууллагыг бодвол орон нутагт ажиллах боловсон хүчин хангалттай юм шиг харагдаж байна. Мөн орон нутагт ажиллаж буй албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Дундговь аймаг 15 сумтай, сум болгонд татварын улсын байцаагч, хураагч нар ажиллаж байна. Бид татварын байгууллагын албан хаагчдын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлж, тэдгээрийн мэдлэг чадвар, чадамжийг сайжруулахын тулд Цагаандэлгэр, Өндөршил, Дэрэн сумдын татвар хураагчийг төрийн албаны шалгалтад хамруулж тухайн албан тушаалд нь томилуулан ажиллуулж байна. Мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн мөрдөн биелүүлэх талаар байцаагч нарын дунд нэгдсэн сургалт зохион байгуулж, ТЕГ-ын сургалтын төвөөс зохион байгуулагдсан цахим сургалт болон мэргэшүүлэх сургалтад хэлтсийн бүх татварын улсын /ахлах/ байцаагч нарыг хамруулж, шалгалт авсан. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох сургалт, шалгалтад хоёр байцаагч хамрагдаж, нэг байцаагч мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан. Мөн нийт албан хаагчдыг аймгийн БСУГ-аас зохион байгуулж буй Монгол хэл, бичгийн сургалтад хамруулж байна.Үүнээс гадна ТЕГ-ын даргын 2017 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/172 дугаар тушаалаар БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр тус улсад “Татварын албаны удирдлагын чадавхийг сайжруулах” нь сэдэвт 14 хоногийн сургалтад миний бие хамрагдсан. Түүнчлэн бүх албан хаагчдаа эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт бүрэн хамруулж, 40-65 насны нийт есөн албан хаагчийг элэгний В,С вирусын шинжилгээнд хамрууллаа. Гэх мэтчилэн албан хаагчдынхаа ажиллах, амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

-Татварын ерөнхий газар 2018 онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлээд байгаа. Танай хэлтсийн хамт олон энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр ямар санаачилга дэвшүүлээд байна вэ?

-Манай хамт олон 2018 онд хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар нэлээд анхаарал хандуулан, шинэ санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд, байцаагч нараа монгол хэл бичгийн болон англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтад хамруулах, үйлчилгээний соёл, ажил үүрэгтээ шинэ санаа, санаачилга нэвтрүүлэх болзолт уралдаан зохион байгуулах, “Мэргэшсэн чадварлаг төрийн албан хаагч” хөтөлбөр боловсруулан ажиллах, ёс зүйн талоныг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Мөн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд инновацийн багийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, хяналт тавих, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар нэлээд идэвхтэй ажиллахаар төлөвлөөд байна.

Ярилцсан Э.Энхцэцэг

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл