мэдээ мэдээлэл

С.Бямбарагчаа: “Чанартай үйлчилгээ чадварлаг багаас” хэмээх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна

“Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар”-т оролцсон аймгийн Татварын хэлтсийн удирдлагууд орон нутагтаа ямар үйл ажиллагаа явуулсан болон Монголын Татварын албанаас дэвшүүлээд буй “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөснөө танилцуулсан билээ.

Энэ үеэр Дорнод аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/194 тоот тушаалаар батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нэлээд онцлох ажлуудыг зохион байгууллаа. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Татварын албаны ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд цаг ашиглалтын байдалд нь долоо хоногт нэг удаа, ажлын байрны эмх цэгцэд сард хоёр удаа гэнэтийн шалгалт хийж, ажилтнуудын хуралд үр дүнг танилцуулж хэвшсэн. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Насан туршийн боловсролын төвтэй хамтран хоёр удаа танхимын сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг зохион байгуулснаар ажилтнуудын харилцаа хандлага, ажлын байран дахь стресс, цаг ашиглалтын байдалд эерэг нөлөө үзүүлж байгаа. Үүнээс гадна, ажилтнуудын ажиллах ур чадвар, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор ИТХ-ын IV хуралдаанаар батлагдсан Дорнод аймгийн Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Бид Дорнодын залуус” аянд хэлтсийнхээ дөрвөн ажилтныг хамруулж, хувь хүний болон төрийн албан хаагчийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр нийт ажилтнуудын дунд нөлөөллийн ажиллагааг зохион байгуулсан гэх мэтчилэн олон ажлыг хийж, хэрэгжүүллээ” хэмээсэн юм.

  1. Мөн тэрбээр “Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах замаар төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй түргэн шуурхай зохион байгуулах санал санаачлагыг аймгийн хэмжээнд дэвшүүлэн ажиллалаа. Аймгийн Татварын хэлтсээс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэстэй санал солилцон 2017 оны А/02/А01/А04 тоот хамтарсан тушаалаар хуулийн этгээдийн бүртгэлийн тойрох хуудасны маягтыг батлан хэрэгжилтийг ханган ажилласнаар нийт 132хуулийн этгээдийг цаг хугацаа алдалгүй татвар төлөгчөөр бүртгэсэн. Тус тушаал батлагдсанаар шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн  бүртгэл, эрх бүхий байгууллагуудын мэдээллийн баазын үнэн зөв байдлыг хангах, татвар төлөгчдийг татварын эрсдлээс хамгаалах ач холбогдолтой онцлог ажил болсон. Тайлант онд улсын төсөвт 4101656.1 мянга, аймгийн төсөвт 16136933.8 мянга, сумын төсөвт 3618043.8 мянган төгрөгийг тус тус төвлөрүүлж, төсвийн ерөнхийлөн захирагчийн өмнө хүлээсэн үүргээ 113.6-138.3 хувьтайгаар амжилттай биелүүлсэн” гэсэн юм.

Тус хэлтсийн хамт олон бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид, ирээдүйн татвар төлөгчдийг бүхий л талаар дэмжих, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, сургалт сурталчилгаа, зөвлөн туслах үйлчилгээг татвар төлөгчдөд ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх, шилдэг татвар төлөгчдийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилгоор “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг өргөн хүрээтэй зохион байгуулж ажилласнаар системийн хэмжээнд тэргүүн байр эзэлжээ. Мөн 2017 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын хэмжээнд дэд, төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан шилжин явах цомын эзэн шалгаруулах олон төрөлт спортын тэмцээнд багаараа тэргүүн, Зүүн бүсийн татварын албадын тэмцээнд дэд байр эзэлжээ.

Түүгээр ч барахгүй, ирээдүйн татвар төлөгчдийн боловсролд анхаарал хандуулж, аймгийн Боловсрол, соёл урлагын газар болон Насан туршийн боловсролын төвтэй хамтран татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд 12, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад 24, Дорнод их сургууль, Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутнуудад 6, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд зэрэг зорилтот бүлгийн иргэдэд 24 удаа татварын боловсрол олгох сургалт зохион байгуулжээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд цаашид төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, санал солилцох нөхөрсөг уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үр дүнд БСУГ-аас сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл олгоход, АЗДТГ-аас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд тохирлын гэрчилгээ олгоход, ХХҮГ-аас талоны бараа олгох хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулахдаа НӨАТУС-д холбогдох шаардлагыг тавьж  ажиллахаар хэлэлцэж, шийдвэрлэх шатандаа явж байгаа талаар танилцууллаа. Тус аймгийн Татварын хэлтсийнхэн орон нутгийн удирдлагуудтайгаа нягт хамтран ажиллаж, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц техник тоног төхөөрөмжөөр хангах зорилгоо биелүүлжээ.

Дорнод аймгийн Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа “Баг, байгууллагыг нэгэн зорилгод нэгтгэн хүмүүсийн итгэл, сэтгэлийг төрүүлж байгаа зүйл нь хамт олны нийтлэг үнэт зүйл болдог учраас Дорнод аймгийн Татварын хэлтсийн хамт олон бид аливаа асуудлыг багийн зохион байгуулалтаар хийж гүйцэтгэдэг. Сахилга бол багийн хамтын ёс суртахууны хамгийн чухал хэм хэмжээ, оршин тогтнохын гол шалгуур байх учиртай. Цаг үргэлж, эрчимтэй, тууштай ажиллах, хамт олны өмнө хүлээсэн үүргээ өчүүхэн төдий зөрчсөн буруутан шийтгэл, хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчмыг манай хамт олон баримтлан ажиллаж байна. Багийн гишүүн бүрийн үүргээ дээд зэргээр ухамсарласан итгэлцэлд суурилсан сахилга бол юугаар ч хэмжиж үл болох бүтээмжийн том нөөц боломж юм. Хамтын удирдлагатай багийн нэг давуу тал нь гишүүдээс гаргасан бүтээлч, шинэлэг санааг маш хурдан хугацаанд соргогоор авч хэлэлцэн ажил болгон хэрэгжүүлдэг. Ийм тогтолцоог ашиглаж багаар ажиллах нь чадварлаг, хариуцлагатай албан хаагчийг бүрдүүлэх, ажлын үр дүн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой юм. Энэ нь багийн гишүүдийн ур чадварыг бүтэцлэн өдөр тутмын гүйцэтгэх ажил, бусадтай хамтран хийх ажлын зааг ялгаа, үүрэг, хариуцлагыг нь тодорхой болгон оновчтой хуваарилснаас шалтгаална” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Тиймдээ ч тус хамт олон татварын орлогын улсын байцаагч, хураагчдыг ажилласан жил, мэдлэг боловсрол, ур чадварыг харгалзан хоёр, хоёроор нь нэг баг болгон ажиллуулж эхэлжээ. Ингэснээр тухайн ажилтнууд нь үндсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа багийн гишүүний дэмжлэгтэйгээр хамтран гүйцэтгэх, тухай бүр санал солилцох, мэдлэг боловсролоо хуваалцаж харилцан туршлага солилцох боломж бүрддэг аж. Цаашид ч, “Чанартай үйлчилгээ чадварлаг багаас” хэмээх зорилтыг дэвшүүлж, нөхөрсөг харилцаа, сахилга хариуцлага, эерэг үр дүн, ажилтан, албан хаагчдын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, хандлага өөрчлөх сургалтыг системийн хэмжээнд зохион байгуулах, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд алслагдсан багийн иргэдэд явуулын нэг цэгийн үйлчилгээг хүргэх, ажилтнуудын ажиллах чиг үүргийг тодорхой болгож системчилсэн зураглал боловсруулах, татварын улсын байцаагчийн ажил үүргийн биелэлтийг дүгнэх журмын дагуу цаг ашиглалтыг үндсэн онооны 50 хувиар дүгнэх аргачлалыг өөрчлөх ажлыг ч хийх юм байна.

Бичсэн Э.Энхцэцэг

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл