мэдээ мэдээлэл

Г.Ганболд: Төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг нэн тэргүүнд өөрчлөх шаардлагатай байна

Завхан аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Ганболд “Мэргэжил боловсролтой, багаар ажиллах, биеэ дайчлах, хариуцлага хүлээх чадвартай, эерэг хандлагатай, өөрийгөө хөгжүүлэх авьяастай чадварлаг, хариуцлагатай албан хаагч төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлнэ” хэмээн хэлсэн юм. Тэрбээр “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар”-т оролцох үеэрээ орон нутагтаа ямар үйл ажиллагаа явуулсан болон Монголын Татварын албанаас дэвшүүлээд буй “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөснөө танилцуулсан билээ.

Тухайлбал, өнгөрсөн онд Завхан аймгийн Татварын хэлтэс НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх ажлыг хийжээ. Тодруулбал тус аймгийн Татварын хэлтсийн дарга хоёр удаа тушаал гаргаж, албан хаагчдаа таван багт хувааж, НӨАТУС-ын сурталчилгаа, үйлчилгээг эрчимжүүлжээ. Ингэснээр НӨАТ төлөгч ААН 193, НӨАТ төлөгч биш ААН 462, иргэн 246 нийт 901-д хүрч нэмэгдсэн үр дүнг үзүүлжээ.

Мөн сар бүр тасаг, багаар ажиллах ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлаж, хэрэгжүүлж тайланг дараа сарын эхний долоо хоногт бүх ажилтны хурлаар хэлэлцүүлж хэвшсэн, аймаг орон нутгаас зохион байгуулсан олон нийтийн үйл ажиллагаанд баг, хамт олноороо идэвхитэй оролцсон, татвар төлөгчдөд зориулсан сургалтыг нэг ажилтан явуулдаг байсныг баг болгон өргөжүүлж, аймгийн төв болон захууд, ААН, төрийн байгууллагууд, сум орон нутагт сургалтын хөтөлбөрөө явуулж эхэлсэн гээд тоочоод байвал багагүй амжилттай ажиллажээ.

Үүнээс гадна, хууль цаазын итгэмжит зөвлөх болон төрийн бус байгууллагын хуульчдыг авчирч, албан хаагчиддаа хууль, цагийн менежмент, багаар ажиллах талаар сургалт явуулжээ. Энэ ажлыг хэрэгжүүлснээр нэг хүний хийж болохгүй ажлыг хамтын хүчээр хийж хэрэгжүүлэх, шийдвэрт алдаа бага гарах, ажлын үр дүн сайжрах, ажилтнуудын уур амьсгалд эерэг нөлөө гарах, бие биеэсээ суралцахын зэрэгцээ чадваржсан гэж байв.

Харин цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар Завхан аймгийн Татварын хэлтсийн дарга Г.Ганболд “2018 онд ажилтан, албан хаагчидаа  эерэг харилцаа, хандлагатай болгох, төрийн болон төрийн бус байгууллагуудаас тогтмол сургалт авахаар төлөвлөсөн. Учир нь төрийн албыг өндөрт өргөж, үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй хүргэхийн тулд нь төрийн албан хаагчдын харилцаа, хандлагыг нэн тэргүүнд өөрчлөх  шаардлагатай байна” гэлээ.

Бичсэн Э.Энхцэцэг

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл