мэдээ мэдээлэл

Б.Өлзийсайхан: “Татварын байцаагчдын хөгжлийн төв”-ийг танхимын хэмжээнд байгуулсан

Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Өлзийсайхан “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар”-т оролцох үеэрээ орон нутагтаа ямар үйл ажиллагаа явуулсан болон Монголын Татварын албанаас дэвшүүлээд буй “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөснөө танилцуулсан билээ.

Тэрбээр “Байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, хөгжүүлэх үүднээс эдийн засаг, санхүү бүртгэлийн чиглэлийн мэргэжилтэй албан хаагчдад эрх зүйн чиглэлээр суралцах боломжийг нээж өгсөн. Ингэснээр 12 албан хаагчийг Улаанбаатар-Эрдэм судлал дээд сургуулийн эрх зүйн бакалаврын бямба, ням гарагийн ангиудад хүсэлтээр нь элсүүлэн суралцууллаа. Дээрх сургалтыг сургуулийн удирдлагатай зөвшилцөн Орхон аймагт, тус хэлтсийн сургалтын танхимд зохион байгуулж байгаагаараа онцлог, давуу талтай юм. Энэхүү арга хэмжээ нь албан хаагчдыг суралцах нөхцөл боломжоор хангаж, зардал, цаг завыг нь хэмнэсэн бодитой мэдлэгийн хөрөнгө оруулалт болж, тэдний хөрвөх чадварыг сайжруулах нэг алхам болсон. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан байгуулсан  “Нэг цонхны үйлчилгээ”-д Татварын хэлтсийн төлөөллийг байнга суулгаж, татвар төлөгчдөд хүрч ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна. Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажилласнаар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд орон нутгийн төсвөөс 10, Үндэсний татварын албаны ажилтны өдрийн хүрээнд 5.5, албан ажлын дэмжлэгт 7.8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг өгсөн. Үүнээс гадна 2016 оны Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр манай Татварын хэлтэс нэгдүгээр байр эзлэж, гурван сая төгрөгөөр шагнуулсан” гэсэн юм.

Түүнчлэн Орхон аймгийн Татварын хэлтсийн хамт олон “Татварын байцаагчдын хөгжлийн төв”-ийг танхимын хэмжээнд байгуулж, номын сан, компьютер, ширээ сандал зэргээр тохижуулан, нийт байцаагч, хураагчид чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, бие биетэйгээ ажлын туршлага хуваалцах  нөхцөлөөр бүрэн хангагджээ. Үүнээс гадна, албан хаагчдын дунд төрөл бүрийн сонирхлын нэгдлийг агуулсан клубууд байгуулж, үйл ажиллагаанд нь удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлэх, англи хэл, ММНБ-д бэлтгэх, мэтгэлцээний болон “Түүхээ судалъя” зэрэг клубыг үүсгэн байгуулжээ. Үүний зэрэгцээ сургалтыг тогтмол явуулж, МУИС-ийн Эрдэнэт салбартай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасны дагуу албан хаагчдад зориулсан мэргэжлийн мэдлэг сэргээх багц сургалтыг зохион байгуулж, англи хэлний оройн ангийн жилийн дамжаанд жил бүр таван албан хаагчийг үнэ төлбөргүй сургах, мэргэжлийн ангийн оюутнуудад Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зөв дадал олгох багц сургалтуудыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлжээ.

Тус хамт олон зөвхөн албан хаагчдаа төдийгүй татвар төлөгчиддөө ч боловсрол олгох сургалтыг тогтмол явуулж хэвшчээ. “Тогтмол цагийн сургалт”-ыг зохион байгуулж, татвар төлөгчдөд сурталчлан, сургалтад хамруулснаар татвар төлөгчдөд татварын үйлчилгээ ойртох, сургалтын хуваарь илүү ойлгомжтой, ил тод болох, дуртай сургалтаа сонгох боломжоор хангагдах зэрэг давуу талууд бий болж байгаа хэмээн Татварын хэлтсийн дарга хэлсэн юм. Цаашид ч энэ үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүрээг нь тэлнэ гэдгээ Б.Өлзийсайхан дарга дуулгалаа.

Бичсэн Э.Энхцэцэг

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл