мэдээ мэдээлэл

Б.Бямбажаргал: Аймгийн төрийн байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг гаргасан билээ. Энэ хүрээнд Монголын Татварын албанаас 2018 онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл Увс аймгийн Татварын хэлтсийн дарга Б.Бямбажаргал энэ талаар болон орон нутагтаа ямар үйл ажиллагаа явуулж буйгаа “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар”-т оролцох үеэр танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, ажлын цагийн хийдэл гаргахгүй, хоцрогдолгүй хамт олон болох нэг сарын аян зарлаж, ажлын цагаас хоцорсон, цагаар ажил тасалсан албан хаагчиддаа хариуцлага тооцож, ажилласан. Ажлын хариуцлага үр дүнг сайжруулахад анхаарч хэлтсийн даргын удирдамж гаргаж, албан хаагчдын дотоод ажилд хяналт шалгалт хийж зөвлөмж гарган хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтэд нь хяналт тавьжээ. Мөн орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж, үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнгийн гэрээг 92.6 хувьтай буюу А үнэлгээтэй дүгнүүллээ. Үүнээс гадна 14 төрийн байгууллагатай хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж, хөндлөнгийн мэдээлэл солилцож байна” гэсэн юм.

Мөн тус хэлтсийн хамт олон өнгөрсөн онд бичил татвар төлөгчдийг татварт бүрэн хамруулах зорилт тавин ажиллаж, түүхий эд, хүнс барааны зах дээр худалдаа эрхэлж буй иргэд, бичил уурхай эрхэлж байгаа, сум хооронд хүн болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сургалт сурталчилгаа хийж 482 иргэнийг сар бүр татварт хамруулж, татварын орлогыг төвлөрүүлжээ.

Түүнчлэн Монголын Татварын албанаас дэвшүүлсэн чадварлаг хариуцлагатай албан хаагч зорилтын хүрээнд аливаа үйл ажиллагааны анхдагч нь харилцаанаас эхэлдэг хэмээн үзэж, нийт албан хаагчдад жилд нэг удаа үйлчилгээний соёл, харилцаа,  ёс зүйн мэдлэг олгох сургалтыг  зохион байгуулахыг зорьж байгаа аж. Ингэснээр төрийн албаны  хүнд суртал их байна гэх нийгмийн сөрөг хандлага буурна хэмээн үзэж буйгаа Б.Бямбажаргал дарга онцолсон юм. Мөн албан хаагчдыг нэгдсэн бодлогоор мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч хичээл сургалтад хамруулах, мэргэжил ур чадварын шалгалт авч түвшин тогтоож, түвшин бүрт тохирсон сургалт зохион байгуулж мэдлэг чадварыг дээшлүүлэх, албан хаагчдыг өөрийн зардлаар зайлшгүй тухайн албанд хэрэгцээтэй байгаа мэргэжил боловсрол эзэмшихэд дорвитой дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлж эргээд сахилга хариуцлагыг чангатгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Харин чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ зорилтын хүрээнд татвар төлөгчийг сегментээр ангилж, ангилал бүрт тохирсон сургалт сурталчилгааг идэвхтэй зохион байгуулж татвар төлөгчдийг эрсдэлд орохоос хамгаалж ажиллах талаар илүү анхаарна гэдгээ хэлсэн юм.

Бичсэн Э.Энхцэцэг

Гэрэл зургийг Н.Галбадрах

Бүгдийг унших

Холбоотой мэдээлэл